
Хөгшрөлтөөс зайлсхийх боломжгүй. Энэ бол хүн бүрд нас ахихын хэрээр өрнөдөг жам ёсны үйл явц. Харин хөгшрөлтийг удаашруулж болно. Нүүрэнд үүсэх үрчлээнээс илүүтэй бие махбодын дотоод хөгшрөлтөд анхаарах хэрэгтэй. Нарны тос түрхэж, арьс арчилгааны ажилбар хийлгэн нүүрний арьсаа хамгаалсан ч биеийн дотоод эрүүл мэндээ орхигдуулбал хөгшрөлт эрчимжиж, ноцтой өвчний эрсдэл нэмэгдэж болзошгүй. Судасны өвчин үүсэж, хорт хавдар зэрэг олон өвчний эрсдэл нэмэгдэнэ. Өвчний улмаас удаан хугацаанд хэвтэрт орвол толигор нүүрний арьс ямар хэрэгтэй гэж?
Би эрүүлээр хөгширч байна уу?
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ, WHO) ‘эрүүл хөгшрөлт’-ийг “нас ахисан ч тухайн хүн үйл ажиллагааны чадамжаа хадгалах” гэж тодорхойлдог. Үйл ажиллагааны чадамж гэдэг нь зөвхөн өвчингүй байхыг хэлэхгүй. Энэ нь хөгшрөх явцад бие махбод, сэтгэцийн үйл ажиллагаа сулрахыг аль болох бага түвшинд барихыг хэлнэ. Судас, үе мөчний эмгэгээс болж өдөр тутмын амьдралд хүндрэл учирвал яах вэ? Нүүрний арьс сайхан байсан ч дотор эрхтэн өвчилбөл эрүүлээр амьдрах хугацаа богиносож болзошгүй. Хооллолт, дасгал хөдөлгөөн хамгийн чухал.
Сахар ихтэй ундаа, амттан тогтмол хэрэглэх нь хөгшрөлтийг хурдасгаж болзошгүй
Өөх тос ихтэй хоолыг хязгаарласан ч сахар ихтэй ундаа, амттан тогтмол хэрэглэвэл хөгшрөлт хурдасч болно. Сахар ихтэй хүнс цусан дахь глюкозын түвшнийг огцом нэмэгдүүлж, чихрийн шижин болон гиперлипидеми буюу дислипидемийн эрсдэлийг өсгөнө. Энэ нь зүрхний өвчин, харвалт буюу тархины шигдээс, тархины цус алдалтын эхлэл болж болзошгүй. Сахар, зөгийн бал, чихэрлэг улаан шошны нухаш, шоколад зэрэг амтлаг хүнсний ихэнх нь илчлэг өндөр атлаа бусад шимт бодисоор бага байдаг. Ийм хүнсийг байнга хэрэглэвэл шим тэжээлтэй хоол бага идэж, хоол тэжээлийн тэнцвэр алдагдаж болзошгүй. Амтлаг хүнсийг аль болох бага хэрэглэх нь зүйтэй.
Булчингийн хэмжээ эрс багасвал... Хөгшрөлт яагаад хурдасдаг вэ?
Нас ахих тусам булчингийн масс аяндаа багасдаг. Уургийн хэрэглээ болон дасгал хөдөлгөөн хангалтгүй бол саркопенийн эрсдэл мөн нэмэгдэнэ. Үүний улмаас өдөр тутмын идэвх буурдаг. Хөдөлгөөн багасахын хэрээр хөгшрөлт ч хурдасна. Мөн унаж бэртэх эрсдэл өснө. Булчингийн массыг хадгалж, нийлэгжилтийг нь дэмжихийн тулд хоол бүрдээ чанартай уураг агуулсан хүнсийг хангалттай хэрэглэх нь зүйтэй. Үүнд өөхгүй мах, загас, буурцагт ургамал, дүпү, сүүн бүтээгдэхүүн зэрэг багтана. Өдөрт биеийн жингийн 1 kg тутамд 1.0~1.2 g уураг хэрэглэх шаардлагатай. Ялангуяа ургамлын болон амьтны гаралтай уургийг тэнцвэртэй хэрэглэх нь үр дүнтэй.
Хөдөлгөөнгүй байвал... Тархи, танин мэдэхүйн үйл ажиллагаа ч хурдан муудна
ДЭМБ хөдөлгөөний дутагдлыг хөгшрөлттэй холбоотой өвчний гол эрсдэлт хүчин зүйл гэж үздэг. Тогтмол хөдөлгөөн хийх нь нас ахисан үед үйл ажиллагааны чадамжаа хадгалахад маш чухал. Дасгал хөдөлгөөн нь цусны даралт ихсэлт, чихрийн шижин, дислипидеми буюу гиперлипидемийг хянахад зайлшгүй шаардлагатай. Дасгал хөдөлгөөн нь өдөр тутмын эрч хүчийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ деменци болон танин мэдэхүйн чадвар доройтох эрсдэлийг бууруулах хамгийн чухал аргуудын нэг юм. Түүнчлэн биеийн идэвхтэй хөдөлгөөн нь ганцаардлыг багасгаж, сэтгэл гутралыг бууруулан, амьдралын чанарыг дээшлүүлэхэд тустай.
Биеийн исэлдэлт буюу хөгшрөлтийг сааруулдаг хүнс юу вэ?
Биеийн исэлдэлт буюу хөгшрөлтийг сааруулдаг антиоксидант шимт бодисоор баялаг хүнсний ногоо, жимсийг тогтмол хэрэглэх нь зүйтэй. Бор будаа, арвай, овъёос зэрэг бүхэл үрийн бүтээгдэхүүн сонгож, хүнсний эслэг болон В бүлгийн аминдэмийг хангалттай авах хэрэгтэй. Эрүүл тос буюу ханаагүй тосны хүчлээр баялаг самар, периллагийн тос, чидун жимсний тос, тослог загас зэрэг хүнс хэрэглэж, зүрх судасны эрүүл мэндээ хамгаалах нь чухал. Тослог загасанд скумбри, яргай загас зэрэг багтана. Нас ахих тусам цангах мэдрэмж буурдаг. Бие дэх усны хэмжээ багассанаар шингэн алдалтад өртөмтгий болж болно. Иймээс усыг тогтмол уух хэрэгтэй.