
‘Төгс уураг’ хэмээн үнэлэгддэг амьтны гаралтай уураг нь хорт хавдар, даралт ихсэлт, чихрийн шижин зэрэг өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж нийтлэлд онцолжээ. Гэвч амьтны гаралтай уураг бүх үл орлуулах амин хүчлийг агуулсан ‘төгс уураг’, харин ургамлын гаралтай уураг зарим үл орлуулах амин хүчлээр дутмаг ‘дутуу уураг’ гэх ойлголт нийтэд түгээмэл байдаг. Иймээс хүмүүс амьтны гаралтай уургийг ургамлын гаралтай уургаас илүүд үзэх нь элбэг.
Гэвч ‘төгс’ болон ‘дутуу’ гэх хоёр туйлт ангилал нь хүнсний амин хүчлийн найрлагыг тайлбарладаг биохимийн ойлголт болохоос хүний хооллолт, эрүүл мэндэд шууд хамааруулж болох хоол зүйн ойлголт биш юм [1, 2].
Орчин үеийн хоол зүйд нэг төрлийн хүнсэнд агуулагдах уургаас илүүтэй өдрийн нийт хоол хүнсээр авч буй уургийг чухалчилдаг. Хүний элэг болон цусанд амин хүчлийн нөөц сан (Pool) байдаг. Иймээс нэг удаагийн хоолоор бүх үл орлуулах амин хүчлийг бүрэн авахгүй байсан ч өдрийн турш олон төрлийн ургамлын гаралтай хүнс хэрэглэснээр тэдгээрийг хангалттай хэмжээнд авч, ямар ч асуудал үүсэхгүй [3, 4].
Хуучирсан ташаа ойлголтоосоо салаагүй, өрөөсгөл байр суурьтай мэргэжилтэн гэгдэх хүмүүсийн зөвлөгөөг дагаж, ‘амьтны гаралтай уураг’ голчлон хэрэглэвэл эрт нас барах эрсдэл нэмэгдэнэ. Учир нь амьтны гаралтай уураг таван төрлийн хүнд өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг. Өнөөдөр эхний гурвыг нь авч үзье.
1. Хорт хавдрын эрсдэл нэмэгдэнэ
Амьтны гаралтай уураг, ялангуяа боловсруулсан болон улаан мах нь хорт хавдар үүсгэгч юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (WHO) 2015 оны 10 дугаар сарын 26-нд хиам, зайдас зэрэг боловсруулсан махыг тамхины нэгэн адил хорт хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй ‘1 дүгээр бүлгийн хорт хавдар үүсгэгч’, үхэр, гахайн мах зэрэг улаан махыг хорт хавдар үүсгэх өндөр магадлалтай ‘2A бүлгийн хорт хавдар үүсгэгч’ гэж ангилсан. Мөн эдгээрийг хэрэглэх нь бүдүүн гэдэс, нойр булчирхай, түрүү булчирхайн хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж мэдэгдсэн [5].
2. Даралт ихсэлт болон зүрх судасны өвчин нэмэгдэнэ
Амьтны гаралтай хүнсэнд их хэмжээгээр агуулагддаг ‘холестерин’, ‘ханасан өөх тос’ нь судсыг нарийсгадаг атеросклероз үүсгэж, даралт ихсэх эрсдэлийг нэмэгдүүлнэ. Ялангуяа улаан мах даралт ихсэхэд нөлөөлдөг.
АНУ-ын Калифорнийн их сургуулийн 2025 оны судалгаагаар улаан махны өдрийн хэрэглээ 100 г-аар нэмэгдэх бүрд даралт ихсэх эрсдэл 14%-иар өсжээ. Ялангуяа боловсруулсан улаан махтай илүү хүчтэй хамаарал илэрсэн бөгөөд өдрийн хэрэглээ 50 г-аар нэмэгдэх бүрд даралт ихсэх эрсдэл 12%-иар өссөн байна. Боловсруулсан маханд түгээмэл нэмдэг натри болон хадгалалтын бодисууд, тухайлбал нитрит, нитрат нь мөн цусны даралтыг нэмэгдүүлдэг [6].
Улаан мах, өндөг зэрэг амьтны гаралтай хүнсэнд ихээр агуулагддаг ‘холин’ гэдэсний бичил биетний нөлөөгөөр задарсныхаа дараа элгэнд ‘TMAO (триметиламин оксидаз)’ хэмээх судсанд хортой бодис болж хувирдаг. Энэ нь судасны дотор ханыг үрэвсүүлж, зүрхний шигдээс болон харвалтын эрсдэлийг нэмэгдүүлнэ.
АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн (NIH) санхүүжилттэй судалгаанд Кливлендийн клиникт титэм судасны ангиографи хийлгэсэн 4,007 өвчтөнийг хамруулж, цусны сийвэн дэх TMAO-ийн түвшин болон зүрх судасны ноцтой тохиолдлын давтамжийн хоорондын хамаарлыг гурван жилийн турш ажиглажээ. Зүрхний шигдээс, харвалт, нас баралтыг хамруулан тооцоход TMAO-ийн түвшин өндөр бүлэгт зүрх судасны ноцтой тохиолдол гарах эрсдэл бага түвшинтэй бүлгийнхээс ойролцоогоор 2.5 дахин өндөр байв (доорх график) [7].

Харвардын их сургууль 2024 онд гурван томоохон судалгааны мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ. Эрэгтэй, эмэгтэй нийт 200 мянга орчим эмнэлгийн мэргэжилтнийг 30 жилийн турш ажигласан уг шинжилгээгээр ургамлын гаралтай уурагтай харьцуулахад амьтны гаралтай уургийн хэрэглээ өндөр бүлгийн зүрх судасны өвчин болон титэм судасны өвчний эрсдэл тус бүр 19%, 27%-иар өндөр байв [8].
Улаан махны ханасан өөх тос LDL-холестерины түвшнийг нэмэгдүүлдэг тул цагаан мах буюу тахиа, цацагт хяруулын мах идэх хэрэгтэй гэх байр суурь ч бий.
Калифорнийн Окленд хотын эмнэлэгт эрүүл 113 насанд хүрэгчийг санамсаргүй байдлаар бүлэглэн, улаан мах, цагаан мах, ургамлын гаралтай хоолыг тус бүр дөрвөн долоо хоног хэрэглүүлсний дараа цусны шинжилгээ хийжээ. Шинжилгээгээр улаан мах төдийгүй цагаан мах ч LDL-холестерин болон аполипопротеин B-ийн (Apo B: атеросклероз үүсгэдэг гол хүчин зүйл) түвшнийг нэмэгдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, цагаан мах хэрэглэх нь ч зүрх судасны өвчний хувьд аюулгүй биш байв [9].
Тиймээс зүрх судасны эрүүл мэнддээ санаа тавьдаг хүмүүс амьтны гаралтай уураг сонгох ёсгүй. Харин ургамлын гаралтай уураг холестерин огт агуулдаггүй, ханасан өөх тос багатай, эслэг маш ихтэй тул холестерин болон цусны даралтыг бууруулж, зүрх судасны эрүүл мэндийг хамгаалдаг.
3. Чихрийн шижин нэмэгдэнэ
Олон хүн “Чихрийн шижин нь нүүрс ус эсвэл сахарлаг, чихэрлэг зүйл их идсэнээс үүсдэг өвчин” гэж боддог. Гэвч бодит шалтгаан нь амьтны гаралтай хүнстэй хамт биед орж ирдэг хэт их ‘ханасан өөх тос’ юм. Булчин болон элэгний эсэд хуримтлагдсан эктопик өөх тосноос (Ectopic fat: байх ёсгүй газарт тогтсон тосон тунадас) үүдэлтэй ‘инсулины тэсвэржилт’ чихрийн шижин үүсгэдэг [10].
Будаа буюу нүүрс ус идэхэд хоол боловсруулах эрхтэнд глюкоз болон задарч, шимэгдсэний дараа цусанд ордог. Глюкоз эсийн дотор орж, энерги болж ашиглагдах ёстой. Энэ үед нойр булчирхайгаас “эсийн хаалгыг нээх түлхүүр”-ийн үүрэгтэй ‘инсулин’ даавар ялгарна. Инсулин эсийн мембран дахь ‘түлхүүрийн нүх (инсулины рецептор)’-тэй холбогдож түгжээг нээхэд глюкоз нэвтрүүлэх хаалга (GLUT4) онгойж, цусан дахь глюкоз эсийн дотор ордог [11].
Хэт их өөх тос хэрэглэснээс үүссэн тосон тунадас түлхүүрийн нүхийг бөглөж, эсийн хаалга нээгдэхгүй болох ‘инсулины тэсвэржилт’ үүсгэнэ. Хоол хүнсээр орж ирсэн глюкоз эсийн дотор нэвтэрч чадалгүй цусанд үлдвэл цусан дахь сахарын түвшин нэмэгдэнэ. Улмаар сахар шээсээр ялгардаг ‘2-р хэлбэрийн чихрийн шижин’ үүсдэг.
Амьтны гаралтай уураг хэрэглэхэд ханасан өөх тос, холестерин хамт орж ирдэг. Өмнө нь холестерин зөвхөн судас бөглөдөг гэж үздэг байв. Харин сүүлийн үеийн судалгаагаар хэт их холестерин инсулины дохио дамжих үйл явцад саад учруулж, нойр булчирхайн эсийн ‘митохондри’-ийг хүртэл гэмтээснээр чихрийн шижинг улам хүндрүүлдэг нь тогтоогджээ [12, 13].
Улаан болон боловсруулсан мах зонхилсон ‘барууны хэв маягийн хооллолт’ нь инсулины тэсвэржилт үүсгэдэг тул чихрийн шижингийн хамгийн том шалтгаан гэж өргөнөөр үздэг [14, 15].
Харвардын их сургуулийн 2023 онд 210 мянган хүнийг хамруулан махны хэрэглээ ба чихрийн шижингийн хамаарлыг судалсан судалгаагаар долоо хоногт ердөө хоёр удаа улаан мах буюу үхэр, гахайн мах хэрэглэхэд ч чихрийн шижин тусах эрсдэл нэмэгджээ. Улаан мах их хэрэглэдэг хүмүүсийн 2-р хэлбэрийн чихрийн шижингийн эрсдэл бага хэрэглэдэг хүмүүсийнхээс 62%-иар өндөр байв [16].
Энэхүү судалгаа олны анхаарлыг татаж, АНУ-ын CNN агентлаг ч мэдээлсэн бөгөөд чихрийн шижингээс урьдчилан сэргийлэхийн тулд махны хэрэглээг хязгаарлах шаардлагатайг онцолжээ (доорх нийтлэл) [17].

Эцэст нь хэлэхэд, ‘төгс уураг’ гэгддэг амьтны гаралтай уургийг голчлон хэрэглэвэл хорт хавдар, даралт ихсэлт, чихрийн шижингийн эрсдэлд өртөж, эрт нас барах магадлал нэмэгдэнэ.
‘Төгс уураг’ гэх үгэнд хууртах хэрэггүй. Хуучны нийтлэг ойлголтод автсан хүмүүст үүнийг ойлгоход хэцүү байж болох ч ‘дутуу уураг’ гэгддэг ургамлын гаралтай уураг эрүүл мэндэд илүү тустай.(Үргэлжлэл бий)
Анагаах ухааны доктор Сон Му Хо, ортопед болон амьдралын хэв маягийн анагаах ухааны мэргэжилтэн

Ашигласан материал
1. VR Young, PL Pellett. Ургамлын уураг ба хүний уураг, амин хүчлийн шим тэжээл. Am J Clin Nutr 1994;59(5 Suppl):1203S-1212S.
2. J McDougall. Ургамлын гаралтай хүнс амин хүчлийн бүрэн найрлагатай. Circulation 2002;105(25):e197-e197.
3. F Mariotti, CD Gardner. Цагаан хоолны дэглэм дэх хүнсний уураг ба амин хүчлүүдийн тойм. Nutrients 2019;11(11):2661.
4. EJ Arentson-Lantz, Z Von Ruff, G Connolly, et al. Төгс, харилцан нөхөх эсвэл дутуу үл орлуулах амин хүчлийн найрлагатай хүнснээс ижил хэмжээний нийт уураг агуулсан хоол нь эрүүл, дунд эргэм насны эмэгтэйчүүдийн араг ясны булчингийн 24 цагийн уургийн нийлэгжилтэд ялгаатай нөлөө үзүүлдэггүй. J Nutr 2024;154(12):3626-3638.
5. V Bouvard, D Loomis, KZ Guyton, et al. Улаан болон боловсруулсан махны хэрэглээний хорт хавдар үүсгэх чанар. The Lancet Oncology 2015;16:1599-1600.
6. TS Allen, M Najem, AC Wood, et al. Улаан махны хэрэглээ ба даралт ихсэлт: шинэчилсэн тойм. Current Cardiology Reports 2025;27(1):50.
7. WW Tang, Z Wang, BS Levison, et al. Фосфатидилхолины гэдэсний бичил биетний солилцоо ба зүрх судасны эрсдэл. New England Journal of Medicine 2013;368(17):1575-1584.
8. AJ Glenn, F Wang, AJ Tessier, et al. Хүнсний ургамлын болон амьтны гаралтай уургийн харьцаа ба зүрх судасны өвчний эрсдэл: гурван проспектив когорт судалгаа. The American Journal of Clinical Nutrition 2024;120(6):1373-1386.
9. N Bergeron, S Chiu, PT Williams, et al. Ханасан өөх тосны бага ба өндөр хэрэглээний нөхцөлд улаан мах, цагаан мах болон махан бус уургийн эх үүсвэрүүд атероген липопротеины үзүүлэлтэд нөлөөлөх нь: санамсаргүй хяналтат туршилт. The American journal of clinical nutrition 2019;110(1):24-33.
10. VT Samuel, GI Shulman. Инсулины тэсвэржилтийн механизм: нийтлэг хэлхээ ба дутуу холбоосууд. Cell 2012;148(5):852-871.
11. J van Gerwen, AS Shun-Shion, DJ Fazakerley. Инсулины тэсвэржилтийн үеийн инсулины дохиолол ба GLUT4-ийн тээвэрлэлт. Biochem Soc Trans 2023;51(3):1057-1069.
12. M Warda, S Tekin, M Gamal, et al. Липидийн салууд: бодисын солилцоо, мэдрэлийн доройтол, хавдар болон зүрх судасны өвчний эмчилгээний шинэ бай. Lipids in health and disease 2025;24(1):147.
13. B Manandhar, E Pandzic, N Deshpande, et al. ApoA-I нь нойр булчирхайн β-эсийг холестериноос үүдэлтэй митохондрийн гэмтлээс хамгаалж, инсулин ялгаруулах чадварыг нь сэргээдэг. Arteriosclerosis, Thrombosis, and Vascular Biology 2024;44(2):e20-e38.
14. RM van Dam, EB Rimm, WC Willett, et al. АНУ-ын эрэгтэйчүүдийн хооллолтын хэв маяг ба 2-р хэлбэрийн чихрийн шижингийн эрсдэл. Ann Intern Med 2002;136:201–209.
15. TT Fung, M Schulze, JE Manson, et al. Эмэгтэйчүүдийн хооллолтын хэв маяг, махны хэрэглээ ба 2-р хэлбэрийн чихрийн шижингийн эрсдэл. Arch Intern Med 2004;164:2235–2240.
16. X Gu, JP Drouin-Chartier, FM Sacks, et al. АНУ-ын эмэгтэй, эрэгтэйчүүдийг хамруулсан проспектив когорт судалгаан дахь улаан махны хэрэглээ ба 2-р хэлбэрийн чихрийн шижингийн эрсдэл. The American Journal of Clinical Nutrition 2023;118(6):1153-1163.
17. CNN Health https://edition.cnn.com/2023/10/19/health/red-meat-type-2-diabetes-risk-study-wellness/index.html
