
Дуучин Сандара Пакийн агентлаг доромж, гүтгэлгийн шинжтэй нийтлэл бичсэн хүмүүсийг шалгуулахаар гомдол гаргаж, иргэний журмаар хохирол нэхэмжлэх ажиллагаа эхлүүлжээ.
Сандара Пакийн харьяа Араднас (ARADNAS) агентлаг олон нийтийн сүлжээн дэх албан ёсны хуудсаараа “Манай уран бүтээлч Сандара Пакийн эсрэг нийтэлсэн хорлонтой агуулга болон түүний эрх, ашиг сонирхолд халдсан үйлдлүүдтэй холбоотой олон баримт цуглуулсан” гээд “Одоогоор хууль ёсны төлөөлөгчөөрөө дамжуулан эрүүгийн гомдол гаргаж, иргэний журмаар хохирол нэхэмжлэх ажиллагааг үргэлжлүүлж байна” гэж мэдээлэв.
Тус агентлаг дотоод, гадаадын аль ч платформд худал мэдээлэл удаа дараа тараасан үйлдэлд хатуу хариу арга хэмжээ авахаа мэдэгдэв. Агентлаг “Худал мэдээллийг давтан тарааж, доромжилсон нийтлэл бичсэн этгээдийг дотоод, гадаадын аль ч платформоос боломжтой бүх хууль эрх зүйн арга хэрэгслээр тогтоож, хариуцлага хүлээлгэнэ” гэж онцлов.
Мөн “Нийтлэлээ устгасан эсвэл бүртгэлээ хаасан ч нэгэнт цуглуулсан нотлох баримтад тулгуурлан хуулийн ажиллагааг үргэлжлүүлнэ” гээд “Уран бүтээлчийн нэр төр, эрх ашгийг зөрчсөн этгээд заавал хариуцлага хүлээнэ гэсэн зарчмын дагуу өршөөл үзүүлэхгүй, эвлэрэхгүй, гомдлоо татахгүй бөгөөд үл тэвчих бодлого баримтална” гэж мэдэгдэв.
2009 онд 2NE1 хамтлагийн гишүүнээр уран бүтээлийн гараагаа эхэлсэн Сандара Пак 'Файр'(Fire), 'Ай Донт Кэйр'(I Don't Care), 'Би хамгийн шилдэг' зэрэг дуугаараа олны хайр хүндэтгэлийг хүлээсэн. Тэрээр төрөл бүрийн энтертайнмент нэвтрүүлэгт оролцон уран бүтээлийн идэвхтэй үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн ч доромж сэтгэгдлүүдээс болж сэтгэл санааны хүнд дарамт амсаж байжээ. Сандара Пак тухайн үеэ дурсахдаа “Би хүчээр цовоо дүр үзүүлдэг байсан ч нэвтрүүлэг дууссаны дараа уйлчихдаг байлаа” хэмээн ярьсан байна.
Доромж, гүтгэлгийн шинжтэй нийтлэл, сэтгэгдэл хохирогчдод сэтгэл зүйн асар их шаналал учруулдаг
Доромж, гүтгэлгийн шинжтэй нийтлэл, сэтгэгдэл нь ердийн шүүмжлэлийн хүрээнээс хальж, тухайн хүнд сэтгэл зүйн ноцтой шаналал учруулдаг. Давтамжтай, ноцтой доромж сэтгэгдэл нь алдартныг амиа хорлоход хүртэл нөлөөлж болзошгүй.
2019 оны 10 дугаар сард нас барсан дуучин Солли амьд ахуйдаа доромж сэтгэгдэл, худал мэдээлэлд өртөж байсан. Үүний дараа 2020 оны 8 дугаар сард портал сайтууд энтертайнмент, спортын мэдээний сэтгэгдлийн хэсгийг хааж байв.
Гэсэн ч Сандара Пак зэрэг олон алдартан доромж, үзэн ядсан сэтгэгдлээс болж шаналсан хэвээр байна. Хүний нүүрэн дээр хэлж чадахгүй шүүмжлэл, хараал доромжлолыг цахим орчинд амархан бичдэгийн цаана ямар сэтгэл зүй нуугддаг вэ.
Дотоод, гадаадын хэд хэдэн судалгаанд доромж сэтгэгдэл бичдэг хүмүүс өөрийгөө үнэлэх үнэлэмж багатай бөгөөд атаархал, жөтөөрхөл, хорсол зэрэг шинж түгээмэл ажиглагддаг хэмээн дүн шинжилгээ хийсэн байна.
Тэд бусдад сөрөг үг бичихдээ стрессээ тайлах эсвэл өөрийгөө нөгөө хүнээс давуу гэсэн мэдрэмж авдаг. Ялангуяа хүчирхийллийн шинжтэй бодол, сэтгэл хөдлөлөө бичгээр илэрхийлснийхээ дараа бусдын хариу үйлдлийг ажиглаж, тодорхой хэмжээний таашаал, сэтгэл ханамж мэдэрдэг байна.
Танин мэдэхүйн эмпати өндөр байх тусам доромж сэтгэгдэл бичих магадлал нэмэгддэг
Доромж сэтгэгдэл бичигчид бусдын сэтгэл хөдлөлийг хуваалцахдаа бэрхшээлтэй байдаг ч нөгөө хүн хэрхэн шаналахыг оюун ухаанаараа ойлгох танин мэдэхүйн эмпати өндөр байх тохиолдол бий.
2017 онд сэтгэл судлалын 《Хувь хүний зан төлөв ба ялгаа(Personality and Individual Differences)》 сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн судалгаанд 415 насанд хүрэгчийг хамруулан шинжлэхэд сэтгэл хөдлөлийн эмпати бага, танин мэдэхүйн эмпати өндөр хүмүүс доромж сэтгэгдэл бичих магадлал өндөр байжээ. Судалгааны баг танин мэдэхүйн эмпати өндөр хүн хохирогчийг сэтгэл зүйн шаналалд илүү амархан оруулж чаддаг гэж дүгнэсэн байна.
Доромж сэтгэгдэл бичих зуршилтай бол эмнэлгийн тусламж авах хэрэгтэй
Паранойд хэв шинжийн бие хүний эмгэг, уур хилэнгээ хянах эмгэг зэргээс үүдсэн стрессээ доромж сэтгэгдлээр илэрхийлж байж болзошгүй. Санаатайгаар доромж, гүтгэлгийн шинжтэй сэтгэгдэл бичих зуршилтай бол эмнэлэгт хандаж, мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах нь зүйтэй. Сэтгэл хөдлөл, стрессээ эрүүл аргаар зохицуулж сурах нь бусдыг шархлуулах үйлдлээс сэргийлээд зогсохгүй өөрийгөө хамгаалж буй хэрэг юм.
Үүний зэрэгцээ доромж сэтгэгдлийн хохирогчид сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай. Сэтгэл гутрал, түгшүүрийн түвшин өндөр хүмүүс ийм сэтгэгдэлд илүү эмзэг байж болно. Сэтгэгдлүүдээ шалгахаа түр зогсоож, алхах, дасгал хөдөлгөөн хийх, найзтайгаа ярилцах зэргээр сөрөг бодлоосоо ангижрахыг хичээх нь чухал.
