
Нас ахих тусам найзтай болоход хэцүү санагддаг хүн олон. Сургуульд байхдаа хажуугийн суудалд суух эсвэл нэг хичээлд хамрагдах төдийд амархан дотносдог байсан бол дунд наснаас хойш хэд хэдэн удаа уулзсан ч шууд “найз” гэж нэрлэхэд амаргүй тохиолдол цөөнгүй.
Холбоо барих жагсаалтад олон хүний нэр байдаг ч сэтгэлээ нээж ярилцах хүн цөөрдөг нь дунд насныхны бодит байдал юм. Ялангуяа 40 наснаас хойш “Надад ганц ч найз алга” гэж хэлэх хүн олширдог. Ажил, гэр бүлийн өмнө хүлээх хариуцлага нэмэгдэж, тэнхээ, цаг зав багассанаар харилцаанд зарцуулах боломж хумигддагтай энэ нь холбоотой. Мөн нас ахих тусам хүн бүрийн эдийн засгийн нөхцөл, амьдралын хэв маяг, үнэт зүйлс өөрчлөгдөж, зарим харилцаа аяндаа холддог.
Гэвч дунд насандаа найз нөхөдгүй байх нь зөвхөн сэтгэл санааны хүндрэлийн асуудал биш бөгөөд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй. Олон судалгаагаар нийгмээс тусгаарлагдах, ганцаардах нь бие махбод, сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг тогтоосон. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) нийгмийн тусгаарлалт эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүйг онцлоод, “Ганцаардал нь өдөр бүр 15 ширхэг тамхи татахтай адил эрүүл мэндэд хортой” хэмээн анхааруулж байв.
Тэгвэл дунд наснаас хойш хэрхэн найзтай болох вэ. АНУ-ын CNN саяхан сэтгэл судлал, социологийн судалгаанд үндэслэн насанд хүрсэн хүн шинэ найзтай болох аргуудыг танилцуулжээ.
Тодорхой хүмүүстэй давтан уулзах нь эхний алхам

АНУ-ын Лос-Анжелес дахь Калифорнийн их сургуулийн (UCLA) Нөхөрлөл судлалын төвийн захирал Кори Кремс нөхөрлөл зөвхөн санамсаргүй тохиолдлоор бий болдоггүйг тайлбарлав. Найзтай болоход ч суралцаж болох ур чадвар, тодорхой нөхцөл шаардлагатай гэсэн үг.
Судлаачдын үзсэнээр нөхөрлөл бий болоход “давтамжтай харилцах”, “бие биедээ таатай хандах” гэсэн хоёр хүчин зүйл голлодог. Нэг газар нөгөө л хүмүүстэй тогтмол уулзах тусам ярилцах боломж аяндаа нэмэгдэж, тэдний зан чанар, сонирхлыг танин мэдэх магадлал ч өсдөг.
Заавал томоохон цугларалтад оролцох шаардлагагүй. Долоо хоног бүр ижил цагт кафед очих, эсвэл номын клуб, дасгал хөдөлгөөний бүлэг, соёлын сургалтад тогтмол суухад хангалттай. Нэг удаагийн уулзалтаас илүү тогтвортой харилцаа чухал. Нөгөө л хүмүүстэй ойр ойрхон тааралдаж байж бие биедээ дасаж, энэ явцад нийтлэг сонирхол, таатай сэтгэгдэл бий болдог.
АНУ-ын Дартмут коллежийн профессор Женис Маккейб найзтай болоход тохиромжтой газрыг “нөхөрлөлийн зах зээл” гэж нэрлэжээ. Энэ нь шинэ харилцаа үүсгэхийг хүссэн хүмүүс цуглаж, тогтмол уулзан бие биеэ танин мэдэх боломжтой орон зайг хэлдэг.
Гүйлтийн бүлэг, урлаг, театрын хичээл зэрэг үйл ажиллагааны үеэр аяндаа ярилцах боломжтой газар үүний түгээмэл жишээ юм. Амьдралын өөрчлөлтөөс үүдсэн шинэ байр суурь, үүрэгтэйгээ холбоотой бүлэг, хүрээлэл хайх нь ч тустай. Ажлаа солих, тэтгэвэрт гарах, нүүх, хүүхэд бие даах зэрэг амьдралын өөрчлөлтөөр шинэ үүрэг хүлээсэн бол ижил туршлагатай хүмүүс цугласан газраас харилцаагаа эхлүүлж болно.
Тусламж хүсэх нь харилцааг гүнзгийрүүлдэг
Анх танилцсан хүнтэйгээ дотнын найз болохын тулд жижиг тусламж хүсэж үзэх нь нэг арга юм. Олон хүн бусдад дарамт болохоос санаа зовж, тусламж хүсэхээс зайлсхийдэг. Гэвч судалгаагаар тусламж хүсэх, хүсэлтийг биелүүлэх туршлага нь харилцааг улам ойртуулахад тустай байж болно.
Нисэх онгоцны буудал хүргэж өгөхийг хүсэх, энгийн мэдээлэл асуух, тодорхой нэг зүйл санал болгохыг хүсэх зэрэг хөнгөн хүсэлт байж болно. Ийм хүсэлт хүлээн авсан хүн туслахдаа өөрийгөө тухайн хүнд хэрэгтэй нэгэн гэдгийг мэдэрдэг.
Тусламж хүсэхдээ нөгөө хүний нөхцөл байдал, харилцааны дотно байдлыг харгалзан, дарамт болохооргүй хэмжээнд хүсэлт тавих нь чухал. Тусламж авсныхаа дараа талархлаа илэрхийлж, дараагийн удаа өөрөө ч түүнд тусалж чаддаг байх хэрэгтэй.
Өөрийнхөө тухай бага багаар нээлттэй ярих нь харилцаа тогтооход үр дүнтэй. Нэг хүн өөрийн туршлага, сэтгэл хөдлөлөө хуваалцахад нөгөө хүн ч аяндаа өөрийнхөө тухай ярих хандлагатай байдгийг судлаачид тайлбарладаг. Өөрийгөө зохистой хэмжээнд нээх нь бусдад итгэл, дотно мэдрэмж төрүүлж чадна.
Холбоо барихаа хойшлуулж болохгүй
Нөхөрлөлөө хадгалахын тулд холбоо барихаа хойшлуулахгүй байх нь чухал. Завгүй гэх шалтгаанаар “Зав гарахаар холбогдоно” гэж бодсоор байвал эцэст нь харилцаа тасарч болно.
Богинохон утасны яриа, хэдхэн минутын мэндчилгээний зурвас ч харилцаагаа үргэлжлүүлэхэд тустай. Удаан хугацаанд уулзаж, гүнзгий ярилцах нь чухал боловч богино байсан ч чин сэтгэлийн харилцааг ойр ойрхон үргэлжлүүлэх нь илүү үр дүнтэй байж болно.
Өдөр тутмын жижиг боломжийг алдахгүй байх нь бас нэг арга. Жишээлбэл, найзынхаа өмнө нь хийж дайлсан хоолыг хийхийг хүсвэл интернэтээс хайхын оронд түүн рүү утасдаж, жорыг нь шууд асууж болно. Ингэснээр хэрэгтэй мэдээллээ авахын зэрэгцээ аяндаа ярилцаж, нөхөрлөлөө дахин бэхжүүлэх боломж бүрдэнэ.
Нас ахих тусам найз нөхөд аяндаа бий болдоггүй. Гэхдээ нөгөө л хүмүүстэй тогтмол уулзаж, бие биеэсээ багахан тусламж хүсэж, харилцан тусалж хэвшвэл дунд насандаа ч шинэ нөхөрлөлийг эхлүүлж болно.
