Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам Ажү, Вонжү Северанс эмнэлэгт түшиц гэмтлийн төв байгуулна

| Оруулах:

Бүс харгалзахгүй нэн хүнд гэмтэлтэй өвчтөнүүдийг эмчлэх эдгээр төвийн барилга байгууламжийг өргөтгөхөд 7 тэрбум 710 сая хүртэлх воны дэмжлэг үзүүлнэ.

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам Ажү их сургуулийн эмнэлэг болон Вонжү Северанс Христийн эмнэлэгт түшиц гэмтлийн төв байгуулахаар төлөвлөжээ. Зурагт Кёнги мужийн Гал түймэр, гамшгийн удирдлагын штаб, Ажү их сургуулийн эмнэлгийн Бүсийн гэмтлийн төвийн эмнэлгийн ажилтнууд зэрэг байгууллагынхан өнгөрсөн дөрөвдүгээр сард хамтарсан сургуулилалт хийж буй нь. Зураг=Ёнхап агентлаг

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам нарийн төвөгтэй мэс засал хийх болон тусгай төрлийн гэмтэлтэй өвчтөнүүдийг эмчлэх чадавхыг бэхжүүлэхийн тулд Ажү их сургуулийн эмнэлэг, Ёнсэ их сургуулийн Вонжү Северанс Христийн эмнэлэгт түшиц гэмтлийн төв байгуулна.

Яам ‘Түшиц гэмтлийн төв байгуулахыг дэмжих төсөл’-д хамруулах эмнэлгээр Ажү их сургуулийн эмнэлгийг эцэслэн, Вонжү Северанс Христийн эмнэлгийг болзолтойгоор сонгосноо 12-нд мэдэгдэв. Түшиц гэмтлийн төв нь нарийн төвөгтэй мэс засал хийлгэх шаардлагатай, эсвэл хүүхдийн болон нүүрний гэмтэл зэрэг тусгай эмчилгээ хэрэгтэй өвчтөнүүдэд тусламж үзүүлэх эмнэлгийн байгууллага юм.

Одоогоор хүнд гэмтэлтэй өвчтөнүүдийг хот, муж бүрийн яаралтай тусламжийн өвчтөн тээвэрлэх журмын дагуу бүсийн гэмтлийн төвд нэн тэргүүнд хүргэдэг. Нэмэлт эмчилгээ, дэмжлэг шаардлагатай үед бүсийн яаралтай тусламжийн төвүүд тусламж үзүүлдэг.

Түшиц гэмтлийн төв нь нэн хүнд гэмтэлтэй болон тухайн бүсэд хүлээн авах боломжгүй өвчтөнүүдэд цаг алдалгүй тусламж үзүүлэхийн тулд одоогийн бүсийн гэмтлийн төвийн дэд бүтцийг бэхжүүлсэн байгууллага юм. Ингэснээр тухайн бүсийн төвийн ачаалал хэтэрч, орон нутагт нь эмчлэх боломжгүй болсон ч өвчтөн бүс нутгаас үл хамааран шаардлагатай нарийн мэргэжлийн эмчилгээ авах боломжтой болно. 

Энэ удаа сонгогдсон хоёр эмнэлэг барилга байгууламж, тоног төхөөрөмжөө өргөтгөхөд 5 тэрбум 460 сая вон, нисдэг тэрэгний зогсоол байгуулах, ажиллуулахад 2 тэрбум 250 сая вон буюу нийтдээ 7 тэрбум 710 сая хүртэлх воны дэмжлэг авна.

Ажү их сургуулийн эмнэлгийн гадна төрх Зураг=Ажү их сургуулийн эмнэлэг

Эцэслэн сонгогдсон Ажү их сургуулийн эмнэлэг уг төсвөөр гэмтэлтэй өвчтөнд зориулсан орны тоог одоогийн 100-аас 140 болгон нэмэгдүүлнэ. Гэмтлийн мэс заслын өрөөг 3-аас 6, гэмтлийн сэхээн амьдруулах өрөөг 2-оос 3 болгон өргөтгөнө. Мөн гэмтлийн төвийн ажилтны тоог одоогийн 318-аас 425 болгон нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Болзолтойгоор сонгогдсон Вонжү Северанс Христийн эмнэлэг жил бүр орон тоогоо нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө сайжруулж, энэ онд хүний нөөцөө бүрдүүлэх төлөвлөгөөг оны эцэс гэхэд хэрэгжүүлэх нөхцөлөөр төсвийн санхүүжилт авна. Энэ онд багтаан хүний нөөцөө бүрдүүлж чадахгүй бол санхүүжилт олгох шийдвэрийг цуцалж, татаасыг буцаан төлүүлнэ.

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны Нийтийн эмнэлгийн тусламжийн бодлого хариуцсан ерөнхий захирал И Жүн Гю “Түшиц гэмтлийн төвүүдийг сонгосноор бүс бүрийн өвчтөн хүлээн авах хүчин чадлын хязгаарыг даван, улсын хаана ч хүнд гэмтэлтэй өвчтөнд цаг алдалгүй тусламж үзүүлэх эмнэлгийн тусламжийн найдвартай хамгаалалтын тогтолцоог бүрдүүлнэ” гээд “Болзолтойгоор сонгогдсон байгууллагыг тогтоосон хугацаанд хэвийн ажиллаж эхлэхэд нь нарийн хяналт тавьж, дэмжинэ” гэж мэдэгдэв.

×